Өөрөөсөө асуулт асууж ярилцаж байх маш чухал.
Миний хувьд дотоод хүүхдийн эдгэрэл хийснээс хойш дандаа өөртэйгөө ярилцдаг болсон.
Дотоод хүүхэдтэйгээ ярилцахад маш гайхалтай эдгэрэл, ухаарлууд гарч ирдэг.
Шинэ оноо угтан авч, хуучин оноо үдэх гэж байгаа энэ үед дараах 4 асуултыг өөрөөсөө асуугаад үз:
(Хэрвээ хүсвэл энэ асуултуудад өөрийнхөө хариултыг над руу Reply хийж хуваалцаж болно шүү.)
Асуулт #1. Би өөртөө ямар зүйлийг худлаа ярьж итгүүлээд байна вэ?
Энэ асуулт нь таны дотроо үнэн гэж мэддэг мөртлөө өөртөө худлаа гэж итгүүлээд, үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйлсийг гаргаж ирнэ.
Нилээн том асуулт шүү.
Би энэ асуултыг өөрөөсөө асуух болгондоо санаа алдаж, заримдаа уйлж, заримдаа инээдэг.
Яагаад гэвэл миний хариултууд дандаа намайг гайхшруулдаг.
"Ваув, ийм том зүйлийг би өөртөө худлаа хэлээд байсан юм байнашдээ" гээл би уулга алддаг.
Хамгийн сүүлд энэ асуултад хариулахад би өөртөө "Чи хүчгүй, сул дорой" гэж худлаа яриад байсан гэдгээ ойлгосон.
Асуулт #2. Хэрвээ мөнгө санхүү, бусад хүмүүсийн шүүмжлэлд баригдахгүй байсан бол би дотоод хүүхдээ яаж баярлуулах вэ?
Энэ асуулт таны дотоод хүүхэддээ өгч чадахгүй байгаа баяр баясал хайр халамжийг өгөхөд тань туслана.
Бид ихэнхдээ мөнгө санхүү хөөж, амь гарах гэж тэмцсээр дотоод хүүхэддээ хайр өгөхөө мартчихсан байдаг.
Эсвэл бусад хүмүүсийн шүүмжлэлээс айж, нийгмийн статусаа алдчих вий гэж айгаад дотоод хүүхдийнхээ үнэн төрхийг нуугаад байдаг.
Тэгвэл та энэ он дуусахаас өмнө нэг өдөр ч болохнээ...
Хэний ч төлөө биш зөвхөн өөрийнхөө дотоод хүүхдэдээ зориулж цаг гарган, чин сэтгэлээс хүсч байгаа зүйлээ хийгээд үзээрэй.
Үр дүн нь маш гайхалтай эдгэрэл байх болно.
Асуулт #3. Би ямар дүрд тоглоод байна вэ?
Бид өөрсдөө мэдэлгүй маш олон дүрд тоглочихсон явж байдаг.
Асрагчийн дүрд тоглоод өөрийгөө золиослож бусдын төлөө явдаг.
Төгс хүний дүрд тоглоод алдаанаасаа зугтаж, өөрийн мундаг байдлаа дөвийлгөх гэж оролддог.
Хохирогчийн дүрд тоглон бусдыг буруутгаж амьдралынхаа хоригдол нь болчихсон байдаг.
Энэ олон дүр биднийг дотроос маань чимээгүйгээр удирдаж байдаг.
Яг л хэт дүрдээ орчихсон театрын жүжигчин шиг.
Гэхдээ энэ дүрүүд биднийг хүлж хязгаарлаж, шоронд оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Дотоод дүр чинь таныг хязгаарлаж, өөрөөрөө байхыг чинь болиулж байна.
Тиймээс өөрийн дүрээ олоод тэр дүрээс гар!
Асуулт #4. Би юунд хэт яараад байна вэ?
Би сэтгэлзүйн эдгэрэл хийгээд нэг ойлгосон юм бол...
Хэзээ ч өөрийгөө яаруулж болохгүй юм байна лээ.
Яарах гэдэг өөрөө "агшсан" сэтгэлийн төлөв байдал.
Агшсан буюу тэнэгэр биш, уужуу биш байдлыг хэлж байгаа юм.
Агшсан яарсан төлөв байдлаас аливаа зорилгыг эхлүүлэхээр хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй.
Яагаад гэвэл...
Нэг сэтгэлзүйн нууцыг хэлье.
Хүн ямар сэтгэлзүйн төлөв байдалд аливаа зүйлийг хийж байна, яг тэр төлөв байдалд нь таарсан үр дүн гардаг.
Хайраар хийвэл илүү хайр өгсөн үр дүн гардаг.
Яарч сандарсан байдлаар хийвэл өөрийг нь тэвдүүлсэн үр дүн л гардаг.
Тэгэхээр энэ асуултад хариулаад өөрийнхөө яараад байгаа зүйлийг олж, тэдгээр зүйлс дээр удаашир тайвшир, урт гүнзгий амьсгал авсныхаа дараа хий.
Comments